Банкуудыг хувьцаат компани болгох асуудлаар хэн юу хэлэв

Админ
2021/02/10

Банкны тухай хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтөөр Монголын банкны салбар хоёр шатлалт тогтолцооноос олон нийтийн хяналттай нээлттэй банк болох шинэ тогтолцоо руу шилжихээр болсон. Энэ хүрээнд системийн нөлөө бүхий таван банк IPO гаргах үүрэг хуулиар хүлээсэн билээ. Хуулийн энэ удаагийн нэмэлт, өөрчлөлтийн хэрэгжилттэй холбоотойгоор эдийн засагчид, санхүүчид өөр өөрсдийн байр сууриа илэрхийлж байна.

Эдийн засагч Д.Жаргалсайхан  дараах байр суурийг илэрхийлсэн байна. 

“Банкны шинэчлэлийн чиглэл зөв боловч хэрэгжүүлэхэд үнэлгээ бодитой байх, одоогийн эзэмшигчийг хохироохгүй байх, хөрөнгө оруулагчдын итгэлийг төрүүлэх, хувьцаа борлогдохгүй байх зэрэг олон сорилт тулгарах юм. Банкны бодитой үнэ цэнийг тогтоохын тулд, юуны өмнө муу, чанаргүй зээлийг эрсдлийн сан болон өөрийн хөрөнгөөр нь хаах, банкны тэнцлээс гаргах шаардлагатай. Өмнөд Солонгост 1998 оны хямралаас гарахын тулд төрийн хөрөнгийн менежментийн компани (KAMCO) байгуулж муу зээлийн барьцаа хөрөнгийг төрөөс нь худалдаж авч байсан. Монголд төр засаг нь авлигатай байгаа нөхцөлд (2020 онд авлигын индексээр 181 орноос 111-д орсон) тийм компани байгуулвал улс төрчид нөлөөлж, муу хөрөнгийг өндөр үнээр шахах магадлал өндөр.

Банкийг эзэдтэй нь холбоотой бизнес, зээлээс бүрэн салгаж, мэргэжлийн хараат бус менежменттэй болгож л хөрөнгө оруулагчдын итгэлийг хүлээх болно. Итгэхгүй бол хэн ч хувьцааг нь авч эрсдэлд орохыг бодохгүй.

Хувьцааны анхдагч худалдааны (IPO) өмнө компанийн үнэлгээг тогтоох олон арга байдаг. Хамгийн энгийн нэг нь одоогийн ашиг нь арван жил үргэлжлэхээр тооцдог. Монголын 12 арилжааны банкны нийт ашиг 2020 онд 290 тэрбум төгрөг (Монголбанкны мэдээлэл) болжээ. Тэгвэл системийн нийт үнэлгээ нь 3 их наяд шахуу, түүний 80 хувийг зарахад 2.4 их наяд төгрөг одоогийн эздийн гарт очих юм. Энэ бол эздийн хөрөнгийг хурааж, булааж байгаа биш, бодит үнээр нь худалдан авч буй шударга хэрэг. Энэ хөрөнгө эргээд хөрөнгийн зах зээл рүү ямар нэг сангаар дамжиж банкнаас бусад бизнесийн хувьцааг авах юм.

Энэ бүхнийг зөв, олон улсын стандартын дагуу хийж чадвал гадаадын хөрөнгө оруулалтыг ч татаж чадна. Түүнийг дагаад менежментийн нөү-хау ирэх болно. Харин хийж чадаагүй нөхцөлд банкны хувьцааг хөрөнгө оруулагчид авахгүй болж, арилжааны банкууд таваас доошгүй эзэнтэй байх хууль зөрчигдөх болно. Тэгвэл Монголбанк өөр ямар арга хэмжээ авч чадах вэ?

Ашиг тус

Арилжааны банкууд цөөн эзний ашиг сонирхол, бизнесийнх нь төлөө үйлчилдэггүй, олон эзэмшигчтэй, авлигаас ангид, хяналттай, ил тод, сайн засаглалтай болсон цагт л банкуудын хооронд эрүүл өрсөлдөөн бий болж зээлийн хүү буурна.

Зээлийн хүү буурах нь иргэд, аж ахуйн нэгжид хэрэглээгээ нэмэх, бизнесээ өсгөх зардал хямдарна. Зээлийн хүү бага, олдоцтой байх нь манай улсын эдийн засгийг хөгжүүлэхэд хамгийн их дутагдаж буй нөхцөл. Бизнес өсч тэлэхийн хэрээр ажлын байр олширч, ядуурал буурч, шинэ технологи нэвтрэн, улмаар компаниудын өрсөлдөх чадвар нь нэмэгдэж, бүтээгдэхүүн, үйлчилгээгээ экспортлох боломж бүрдэнэ.

Ийм учраас банкны нэг өмчлөгчийн хувьцаанд хязгаарлалт тогтоох нь банкиндаа ч, банкны эзэнд ч, аж ахуйн нэгжүүдэд ч, улс орны эдийн засгийн хөгжлийн талаасаа ч бүгдэд нь ашигтай шийдвэр юм. Өнөөдөр дэлхийн 50-аад оронд банкны эзэмшлийг хязгаарладгаас 16 улсад 20 хувь, 6 улсад 15, 4 улсад 10, 5 улсад 5, 2 улсад 5-аас бага хувьтай байх хуультай (“Banks and Bank Systems” Journal. 06 February 2009) ажээ” гэсэн байна.

Монголбанкны Тэргүүн дэд ерөнхийлөгч Г.Дөлгөөн хэлэхдээ “Банкууд IPO гаргаснаар банкны үйл ажиллагаа ил тод нээлттэй болж, хяналтын тогтолцоо илүү боловсронгуй болох, банкны засаглал сайжрах, санхүүгийн хүртээмжтэй байдал нэмэгдэх зэрэг банк, санхүүгийн салбарын экосистемийн тогтвортой хөгжлийг дэмжих боломж бүрдэх юм” гэв.

Санхүүч Г.Батжаргалын байр суурийг хүргэе.

Уг нэмэлт өөрчлөлтийн агуулгуудыг мэдээллийн хэрэгслүүдээр ойлгомжтой тайлбарласан тул дахин нурших нь илүүц. Харин хэдэн жил банкны лиценз авах гээд тодорхойгүй шалтгааны улмаас фейлдэж байгаа MCS групп, Ард санхүүгийн нэгдлийн Ч.Ганхуяаг, Lend.mn гэх мэт банкны амбийцтай тоглогч нар хөрөнгө оруулагч болох боломж олдож буй ч банкны эзэд болох боломжгүй хууль, эрх зүйн орчин бүрдлээ. Мөн хөрөнгийн зах зээлийг мөнгөний зах зээлтэй интеграцичлахад түлхэц болно гэж харж байна. Гэхдээ улс төрчид аливаа хуулийг батлахдаа цаашид хэрхэн хэрэгжүүлэх, дагаж мөрдөхөд ямар асуудал үүсэх, тэдгээрийг хэрхэн шийдвэрлэх нь огт хамаагүй байдаг хандлага мөн энэхүү нэмэлт өөрчлөлт батлах явцад харагдсан.

Хамгийн энгийн жишээ бол энэ хуульд заасны дагуу нээлттэй банк болж, одоо байгаа хувьцаа эзэмшигч нар 20%хүртэл хувьцаанаасаа бүрэн салж дуусах хугацааг анх Монголбанкны ажлын хэсгээс 2026 он гэж байсныг, улс төрчдийн зүгээс 2023.12.31-ний өдөр болгосныг их хурлын гишүүн тайлбарлахдаа: “2024 онд сонгуультай шдээ! наана нь дуусгах хэрэгтэй” гэж хээв нэг хэлж байгаа нь улс төрийн сонирхол байгаа гэдгийг харуулж байна. Энэ удаа уг хуулийг хэрэгжүүлэх явцад ямар хүндрэл гарах, хугацаандаа амжих талаар өөрийн хувийн өнцгөөс тайлбар хийе.

Зах зээлийн боломж байна уу?

Өнөөдөр үйл ажиллагаа явуулж буй 12  арилжааны банкнаас (өөрийн хөрөнгө буюу эздийн өмч 2020.12.31-ний байдлаар 3.7 их наяд) системийн нөлөө бүхий гэж үздэг 5 банкийг (өөрийн хөрөнгө дангаараа 3.5 их наяд төгрөг) 2022.06.30-ны өдөр гэхэд нээлттэй хувьцаат компани болгох шаардлагатай болсон. Энэ 5 банкийг 100 хувь нэг  хүн хувьцаа эзэмшдэггүй тул дунджаар 70 хувийн хувьцааг зарлаа үзвэл 2.4 их наяд төгрөгийн хувьцаа зарах хэрэгтэй. Хувьцаа зарахын тулд мэдээж зардал гарна. IPO хийхэд андеррайтер болон хуулийн фирмийн зардал хамгийн бага даа 5%, хувьцаа худалдахад 10% татвар авна гэхээр 2.8 их наяд төгрөгийн үнэлгээ (хамгийн бага даа) гарах болов уу. Учир нь дээрх тоонууд зөвхөн банкны тэнцэл дээрх дүн бөгөөд IPO хийхдээ банкууд актив болон бусад хөрөнгө, нэр хүнд, брэнд гээд зах зээлийн үнэлгээ хийлгэх ба магадгүй одоо байгаа хувьцаагаа зарах бус нэмж хувьцаа ч гаргах боломжтой. Гэхдээ энэ үнэлгээ банк тус бүр дээр ямар байхыг би үнэндээ төсөөлөх боломж алга байна. Харин нөгөө талд банкны хувьцааг худалдан авах бэлэн зах зээл байгаа нь эргэлзээтэй буюу бараг боломжгүй дүр зураг харагдаж байна.

Учир нь Монголын Хөрөнгийн биржийн нийт үнэлгээ буюу эргэлдэж буй нийт мөнгөний хэмжээ 3.0 их наяд төгрөг байна. Банкуудын IPO-г дээрх тооцсон хамгийн бага (2.8 их наяд) үнэлгээгээр тооцож амжилттай гарахад Хөрөнгийн зах зээлийн үнэлгээ 5.8 их наяд болж бараг даблдаж таарах нь. Харамсалтай нь ийм боломж одоогоор манай санхүүгийн системд байхгүй.

Энэ талаар их хурлын ажлын хэсгийн гишүүн 17 их наяд төгрөгийн хадгаламжаас гаргах боломжтой, тиймээс иргэд хүүгээр биш ногдол ашгаар ашиг олох, банк талдаа хадгаламжийн хүү, зээлийн хүү буурна гэж тайлбарлана лээ.  Уучлаарай, макро эдийн засгийн суурь бүрэн бэхжээгүй байхад одоогийн 2.3 хувийн инфляц тогтмол байх ямар ч боломжгүй бөгөөд бодлогын хүү инфляцаас дээш, хадгаламжийн хүү бодлогын хүүнээс дээш байх зүй тогтолцоотой үед хувьцаанд хөрөнгө оруулах хүн хадгаламжаас доогуур өгөөжтэй хөрөнгө оруулалт хийх нь юу л бол!

Энэ нь банкандаа, Хөрөнгийн зах зээлдээ ч биш, харин манай  макро эдийн засгийн потенциал, бидний жилд үйлдвэрлэж байгаа ДНБ-ээс ямар хэмжээгээр хуримтлал үүсгэж байгаагаас шалтгаалж хүү өсөх, буурах нь шийдэгдэх асуудал. Тиймээс энэ нь нэмэгдэхүүний байрыг солиход нийлбэрийн чанар өөрчлөгдөхгүйтэй адил хэрэг юм.

Банкны хувьцаа эзэмших бол юунд анхаарлаа хандуулах вэ?

Банкны систем бараг 10 орчим жил ногдол ашиг хуваарилаагүй байгаа. Учир нь банкны актив, зээлийн хэмжээ өсөх тусам өөрийн хөрөнгө буюу эздийн өмчийг нэмэгдүүлж, эрсдэл даах чадварыг нэмэгдүүлдэг (зохицуулагч байгууллагаас шаарддаг журамтай, сар бүр хяналт тавьдаг) онцлогтой бизнес юм. Хэрэв та банкны нөлөө бүхий хувьцаа эзэмшигч болбол мөнгөний эх үүсвэрийг судлах, худалдаж авсан хувьцаагаа барьцаалах, бусдад худалдах бүрд Монголбанкнаас заавал зөвшөөрөв авах шаардлагатай бөгөөд үүгээрээ бусад бизнесүүдээс ялгаатай юм шүү. Хэрэв та Банкны хувьцаа эзэмших бол хүний амаар бус харин Банкны тухай хууль, Төв банкны тухай хуулиуд болон тухайн банкуудыг судлах хэрэгтэй!!!

Хэрхэн хэрэгжүүлбэл тохиромжтой вэ?

Үнэхээр санхүүгийн том системийг шинэчлэх гэж байгаа бол улс төрөөс ангид болгож, шат дараалсан /20%, 40%, 60%/ байдлаар нээлттэй компани болох хугацааг хойш сунгаж, эдийн засгийн эрх чөлөөтэй уялдуулах хэрэгтэй. Одоогийн хувьцаа эзэмшигч нарын эзэмшлийг хэт (огцом) бууруулах нь энэ салбарт мэргэжлийн бус тоглогч нар орох, хэт олон хувьцаа эзэмшигч нар хоорондоо бизнесийн соёл, зорилго гэх мэт олон хүчин зүйлс дээр үзэл санаа нийлэхгүй байх, улмаар шийдвэр гаргалт удааширч, харилцагч, жижиг хувьцаа эзэмшигч нар хохирох гэх мэт сөрөг талууд байдлыг бас мартаж болохгүй. Энэ хуулийг заасан хугацаанд биелүүлэхгүй бол хуулийн шаардлагад нийцүүлж, зарагдаагүй хувьцаа буюу 20%-иас бусад хувийг банкны өөрийн хөрөнгөөс хасч тооцох хуулийн заалт байгаа тул нөлөө бүхий банкууд хэвийн үйл ажиллагаа явуулахад эрсдэл үүсч болзошгүй.

Эцэст нь

Энэ хуулийг шинэчлэлийг шууд заасан хугацаанд биелүүлэхэд эдийн засгийн боломж хомс бөгөөд хэрэв том банкууд  IPO хийгээд худалдан авагч олдохгүй бол хуульд нэмэлт өөрчлөлт оруулж, хугацааг сунгаж болзолгүй юм. Харин дотоод боломж муу бол гадаадын хөрөнгө оруулагч нар орж ирэх боломж байгаа гэж хүмүүс харах байх. Тийм боломж мэдээж байгаа гэхдээ нэр нөлөө бүхий улс төрчид хадгаламж, зээлийн хүүг хүчээр тэглэх, зээлийн хүүнд хязгаар тогтоох гэсэн попролт гаргаж байгаа нь зах зээлд гадаадын хөрөнгө оруулагч нар орох биш одоо байгаа цөөхөн хэд нь байгаа хувьцаагаа банкны тухай хуулийн нэмэлт өөрчлөлтийг далимдуулж зараад Монголын зах зээлээс гарах минь гэж бодож суугаа. Мөн Гадаадын банкны тухай хууль гэсэн шинэ хуулийн төсөл боловсруулагдаж байгаа тул энэ талаар тусад нь авч үзэх шаардлагатай болов уу. Ямартай ч  одоо байгаа банкууд Монгол улсын хуулийн дээдлэн ажилладаг тул хэрэгжүүлэхийн төлөө гадаадын сайн туршлагыг судалж системийн тогтвортой байдлыг хангахын төлөө ажиллах болно” гэжээ.

Санхүүч Г.Батжаргалын хувьд банкны хувьцааг худалдан авах бэлэн зах зээл байгаа нь эргэлзээтэй буюу бараг боломжгүй дүр зураг харагдаж байна гэсэн байсан.

Тэгвэл 30 гаруй их наяд төгрөгийн хөрөнгөтэй банкууд нээлттэй компани болж, хөрөнгийн бирж дээр гарахад манай улсын хөрөнгийн зах зээл бэлэн үү гэдэгт Санхүүгийн зохицуулах хорооны дарга Д.Баярсайхан дараах хариултыг өгч байна.

Хөрөнгийн зах зээл дээр 2005 онд анхны IPO буюу олон нийтэд хувьцаагаа санал болгож, нээлттэй хувьцаат компани болж гарч байсан. Түүнээс хойш нийт 24 компани IPO хийж, нэмж 11 компани хувьцаагаа гаргаж өнгөрсөн оны жилийн эцсээр зах зээлийн үнэлгээ 3 их наяд төгрөгт хүрсэн. Мөн 19 компани бирж дээр компанийн өрийн хэрэгсэл буюу бонд, хамтын хөрөнгө оруулалтын сангийн нэгж эрх, хөрөнгөөр баталгаажсан үнэт цаасаа нийтэд санал болгож амжилттай гаргасан.

Харин 2014 оноос Засгийн газрын үнэт цаасыг биржээр дамжуулан арилжаалж эхэлсэн зэрэг нь манай улсын иргэд, хөрөнгө оруулагчдын хөрөнгийн зах зээлийн ойлголтыг ихээр нэмэгдүүлсэн. Эдгээр бүтээгдэхүүнд зөвхөн дотоодын иргэд, хөрөнгө оруулагчдаар зогсохгүй олон улсын санхүүгийн байгууллага, гадны хөрөнгө оруулагчид ч хөрөнгө оруулж, хөрөнгийн зах зээлд оролцож байсан. Түүнчлэн УИХ-аас 2010 онд Хөрөнгөөр баталгаажсан үнэт цаасны тухай хууль, 2013 онд Үнэт цаасны зах зээлийн тухай хууль, Хөрөнгө оруулалтын сангийн тухай хууль зэрэг хөрөнгийн зах зээлийн суурь хууль тогтоомжуудыг олон улсын жишигт нийцүүлж шинээр болон шинэчлэн баталсан.

Энэ бүхнээс дүгнэхэд, хөрөнгийн зах зээл дээр өнөөдөр иргэд, хөрөнгө оруулагчдын хүсэл сонирхолд нийцсэн, сайн бүтээгдэхүүн борлуулбал хөрөнгө оруулах боломж бүрэн бий. Дэд бүтцийн хувьд ч банкууд хувьцаагаа олон нийтэд саннал болгоход ямар ч саад бэрхшээлгүй, бэлэн байдал бүрэн хангагдсан гэж хэлж болно гэв.

Эх сурвалж: zindaa.mn



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна